Хавдрын эмчилгээ үйлчилгээ болон үйлчилгээнд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн талаар Хавдар судлалын үндэсний төвийн үйл ажиллагаа, төлөвлөлт хариуцсан захирал Э.Хишигдоржтой ярилцлаа.
-Хавдрын эмчилгээний тоног төхөөрөмжийн хүчин чадал болон шинэчлэл хэрхэн хийгдэж байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Өнөөдрийн байдлаар Хавдар судлалын үндэсний төвд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газрын хамтарсан төслийн хүрээнд бид нэлээд олон шинэ тоног төхөөрөмжийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тухайлбал, Манай Хавдар судлалын үндэсний төв MRI шинжилгээ хийдэггүй байсан. Өнгөрсөн 2025 оны сүүлээр MRI шинжилгээний шинэ аппаратаа хүлээж аваад одоо 100 хувь ашиглаад явж байна. Энэ аппарат суурилагдсанаар хавдрын оношилгоонд нэн чухал дэвшилт бий болсон. Хавдрыг зөвхөн томографаар оношилдог бөгөөд MRI шинжилгээг хувийн эмнэлгээр хийдэг байсан. Өнөөдөр бид хавдрын шинжилгээ, оношилгоонд MRI ашигласнаар мэдрэлийн хавдар, зөөлөн эдийн хавдар, нуруу нугасны хавдрыг оношилж илрүүлж байна. Мөн хавдрын цар хүрээ үе шатыг тодорхойлох боломжтой болоод ажиллаж байна.
Хавдар судлалын үндэсний төв дээр гол ачаалал өгөөд байгаа томографын асуудал байгаа. Манай дээр суурилагдсан томограф 70 мянган гаруй хүний зураг авчихсан, ашигласан, ашиглалтын хугацаа дуусчихсан. Энэ аппаратыг долоон жил ашигласан учраас шинжилгээ хийхэд их төвөгтэй, өдөрт 50 хүртэлх шинжилгээг нэг аппарат дээр авдаг. Байнга уртасгасан цагаар ажилладаг байсан.
Бид өнөөдөр төслийн хүрээнд 128 зүслэгтэй томографын аппаратаа шинээр суурилуулаад үйл ажиллагаандаа ашиглаж байна. Энэ нь ард иргэдэд хүрэлцээгүй, оношилгоо хийхэд дутмаг байсан асуудлыг шийдвэрлэхэд гол ахиц үзүүлсэн өөрчлөлтийг авч ирсэн. Бид хоёр ээлж гараад томографын шинжилгээгээ ард иргэдэд хийгээд явж байгаа. Мөн Маммограф байгаа. Энэ аппарат нарийвчлал бүхий биопсийн шинжилгээг өөрөө авдаг аппарат суурилагдсан байгаа. Өмнө Бид нэг том хөхний рентген зургийн аппарат ашигладаг байсан. Өнөөдөр хоёр Маммограф аппаратыг ашиглаж байна.
Мөн төсөл хөтөлбөрийн хүрээнд дурангийн тоног төхөөрөмж манай эмнэлэгт нийлүүлэгдсэн байгаа. Бид дөрвөн дуран шинээр тус бүр 10 уян дурантай болсон. Тухайлбал, улаан хоолой, гэдэсний оношилгооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсон. Одоо үйл ажиллагаандаа 100 хувь ашиглаж байгаа. Энэ жил бид дурангийн төвөө ашиглалтад оруулахаар барилга байгууламжийн заслын ажил хийгдэж байна. Дурангийн төв байгуулагдаж үйл ажиллагаанд орсноор дурангийн оочир хүлээлтийг бүрэн шийдэх боломжтой. Мөн эмэгтэйчүүдийн хавдрын оношилгоонд колпископи шинэ тоног төхөөрөмж ашигдаж байна. Сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг хүлээж аваад үйл ажиллагаанд ашиглаж байна. Ерөнхийдөө хавдар судлалын үндэсний төв сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмждөө илүү анхаарал хандуулж, ард иргэдэд чирэгдэл үүсэж байгаа асуудал дээр анхаарч ажиллаж байна.
-Одоо танай эмнэлэгт ямар тоног төхөөрөмж шаардлагатай байгаа бэ?
-Одоо бид үе шаттайгаар хэд хэдэн арга хэмжээг авахаар төлөвлөөд ажиллаж байна. Япон улсын Засгийн газрын дэмжлэгээр тоног төхөөрөмж авахаар төсөл хөтөлбөр явуулсан. Одоо хэлэлцээрийн шатандаа явж байна. Мөн мэдрэлийн мэс заслын төвийг байгуулахаар ажиллаж байна. Монгол Улсад эмчлэгддэггүй 26 өвчин байдаг.
Үүнийг нэг бүтэн заалтыг хасах зорилго тавиад Монгол Улсын Засгийн газраас Бүгд Найрамдах Австри улсын Засгийн газарт төслөө өгсөн. Энэ Засгийн газрын хурлаар ороод хэлэлцэгдээд явж байгаа. Эдгээр төсөл амжилттай хэрэгжээд явбал иргэдийн хүлээгдэл, гадагшаа гарах эмчилгээний зардалын асуудал нэлээд багасах боломжтой. Хүлээгдэл байхгүй болно гэж ярихад хэцүү. Үндэсний төв барилга байгууламжийн хувьд хуучирсан, бид тоног төхөөрөмжөө боломжийн хэмжээнд шинэчилж байгаа бодовч барилга байгууламжийн хүчин чадал багтаамжийн асуудал нэн тэргүүнд тавигдах ёстой байдаг. Иймээс Хавдар 2 төслийг хэрэгжүүлж байгаа.
-Тоног төхөөрөмж сайжирч байгаа учраас оношилгоо гэсэн сайжирч байгаа байх. Хамгийн түгээмэл оношлогдож байгаа хавдар?
-Өнгөрсөн 2025 оны статистик тоон мэдээллээр 8 мянган гаруй хүн хавдраар өвчилсөн байна. Үүнээс 4747 хүн хавдрын улмаас нас барсан байна. Өвчлөлийн байдлаар авч үзвэл Монгол Улсад элэгний өвчлөл тэргүүлж байдаг. Элэгний үрэвсэлт өвчлөл,вирусийн улмаас хавдрын нөхцөл байдал төдийлөн буурахгүй байна.
Мөн улаан хоолой, ходоод, уушгины хавдар гэсэн дараалалтай байна. Жил бүрийн тоон баримт статистикийг харж үзэхээр нас баралтаар элэг, улаан хоолой, ходоодны хавдар тэргүүлдэг. Бид бодлогын хүрээнд хавдрын улмаас нас баралтыг бууруулж найман хувьд хүргэх, тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд жил бүр төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Ер нь хавдрыг бууруулах, хавдрын улмаас нас баралтыг бууруулах нь урьдчилан сэргийлэх үзлэг. Иргэдийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж чадна, төдий хэмжээгээр бид эмчлэх боломжтой байгаа.
-Хавдраас сэргийлэх хамгийн чухал зүйл нь эрт илрүүлэг. Ер нь оношлогдож байгаа хавдрын хэдэн хувь нь хожуу шатандаа оношлогдож байна?
-Өнгөрсөн жилийн статистик тоон мэдээллээс авч үзэхэд хавдраар оношлогдож байгаа хүмүүсийн 56 хувь нь хожуу оношлогдож байна. Энэ бол маш харамсалтай тоон мэдээлэл. Манай иргэдийн хувьд эрт илрүүлэг гэдэг зүйлийг танин мэдэх, нийгмийн асуудал зөрүүтэй байна уу гэж хувьдаа харж байгаа. Ард иргэдэд урьдчилан сэргийлэх танин мэдэх ажлын улс орон даяар давхар зохион байгуулж байж үр дүнд хүрэх болов уу гэж бодож байна.
