Ардын урлаг судлаач, дуучин СТА С.Дуламсүрэнг редакцын зочин буландаа урьж ярилцлаа.

Монголын өв соёлын нэг хэсэг болсон ардын дууны талаар яриагаа эхэлье. Та ардын дууг хэзээнээс сонирхож дуулж судалсан бэ?

-Арван жилийн сургуулийн сурагч байхаас л ардын урлаг, тэр дундаа  ардын дуунд дурлаж эхэлсэн.  Тухайн үед эгч маань анхны ардын богино дуу дуулаачдын улсын уралдаанд амжилттай оролцож, Ардын дуу бүжгийн чуулгад урилгаар орж ажилласан цагаас эхэлж, ардын дуу сонирхож эхэлсэн. Монголын радиогоор явдаг байсан хөгжим - өв сан, ардын дууны нэвтрүүлгийг их сонсдог байлаа. Мөн чуулгын концертыг байнга үзэж, ардын дуу гэж ийм гоё зүйл байдаг юм байна гэдгийг ойлгож мэдэж авсан. Арван жилийн сургуулиа төгсөөд СУИС-д шалгалт өгөөд гуравдугаар шатнаас “үг тод биш” гэдэг шалтгаанаар хасагдаж байлаа.

Тухайн үед Алдарт уртын дууч МУУГЗ С.Цоодол багш маань шалгалтын бүрэлдэхүүнд байсан бөгөөд намайг хасагдахад “Миний шавь болох уу, би чамд ардын дуу заана, их хөөрхөн “манери”-тай хүүхэд байна” гэж намайг шавиа болгож байсан. Багшаараа би олон дуу заалгаж, ардын дуу дуулах арга барил, тэр дундаа Хүрээ дууны онцлог, түүний донж маягийг заалгасан.

Би Их хүрээ, Нийслэл хүрээнд зохиогдсон болон тэнд дуулагдаж байсан “хүрээ” тодотголтой дуундаа маш үнэнч, тууштай 30-иад жил явсан. Багш маань Монголын радиогийн Алтан фондод байгаа алдарт дуучдын дуулсан хуучны дуунуудыг сайн сонсож бай гэж хэлдэг байсан. би Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, Т. Хандсүрэн, МУГЖ С.Лувсангомбо, Г.Дулмаа, Т.Сүрэнхорлоо нарын зэрэг дуучдыг байнга сонсдог байлаа. Би өөрөө дуулж, нэрд гарч сүйд болоогүй ч ардын богино дууны өвөрмөц онцлог бүхий хүрээ дууны донжийн олж дуулж сурах зорилготой байж, үүндээ ч тууштай явсан.

-Хүрээ дуу, ардын дуу хоёр ялгаатай юу. Эсвэл нэг чиглэлийн дуу хөг аялгуугаар нь ялгаатай байна уу?

-Хүрээ дуу гэдэг нь ардын богино дуу. Ардын дууг аялгуунаас хамаарч уртын дуу, богино дуу гэж ангилдаг. Ардын богино дуу нь нутагт, нутагт янз бүрээр нэрлэгддэг. Тухайлбал, хохир, ёдор, шавшаа, эмээлийн, завхай, хүрээ дуу гэх мэт. Завхай дуу гэхээр завхай зайдангийн завхай биш шүү. “Завхай” гэдэг үг “зайдан” гэдэг үгтэй хорших аваас сөрөг утга илэрхийлнэ. Бид эмээлийн 8 завхай гэж ярьдаг шүү дээ. эмээлийн жижиг мөнгөн чимэглэлийг завхай гэдэгтэй адил гоё ганган дэгжин дуугаа завхай гэж нэрлэсэн байдаг. Завхай дуу ихэвчлэн хүрээнд дуулагдаг байсан. Хүрээ дууны аялгуу их өвөрмөц байдаг.

Ардын дууны үг нь тухайн нийгмийн нөхцөл байдалтай уялдаж, өөрчлөгдөж явдаг. Харин дууны аялгуу харьцангуй тогтвортой уламжлагдан ирсэн байдаг. Аялгуундаа гоё донжтой нандин нугалаа хугалаатай байдаг. Хэв маяг донж, намба төрхийн илэрхийлэл нь бол хүрээ дуу юм. Хүрээний амьдрал баруун, зүүн хүрээгээрээ ялгаатай байсантай адил дуу нь хүртэл өөр өөр байсан. Тухайлбал, би урьд нь “Эрүү цагаан болжмор” дууг хүрээ дуу гэж бодож байгаагүй. Гэтэл бүр хүрээ дуу, тэр дундаа баруун хүрээний дуу байдаг шүү. Ер нь ардын дуу амьдралын тусгал. Тухайн нийгэм, цаг үеийн байдал, нийгэмд болсон соёлын үзэгдэл юмсын мэдээлэл, түүхийг дуунаас бүрэн бус ч харах боломжтой.

-Сүүлийн үед ардыг дууг орчин үеийн хэв маягт оруулж их дуулдаг болсон. Орчин цагийн хэв маягт оруулж дуулахаар үндсэн хэв маяг нь эвдэгдэж байгаа юу?

-Ардын олон сайхан дуу маань мартагдахад хүрээд байна. Иймээс ардын дуугаа олон нийтэд хүргэх гэж янз бүрийн л арга хэрэглэж байна. Ардын дуугаа авч үлдэх гэж бүгд л хичээж байгаа. Жишээлбэл, дуучин Б.Батцэцэглэн ардын дууг хөгжим, ая эгшгийн хэмнэлээр нь залуу үед хүргэх, тэдний сонирхолд нийцүүлэн дуулахыг хичээж байна гэж ярьж байсан. Нэг талаас зөв л дөө, нөгөө талаас үзэгч сонсогчдын таашаалд нийцүүлж уран бүтээл туурвина гэдэг бол урлаг хөгжихгүйн илрэл. Нийтийн уран сайхны соёл, үзэгчдийн соёлын түвшин ахихгүй, бахь байдгаараа л байна. Уран бүтээлчид үзэгч, сонсогчдын хүсэл сонирхол, таашаалд нийцүүлэхгүй, үзэгчид бидний уран бүтээлд нийцэж гэмээнэ хөгжинө л дөө. Сүүлийн үед ардын дууг их эвдэж дуулж байна, үгийг буруу хэлж байна, ая дан буруу, ер нь “ардын дууг зөв дуулна” гэж яг юу юм бэ гэдгийг ойлгохгүй л байна л даа.

Дээр үед ардын дууг нотоор дуулдаггүй л байсан. 1930 оноос Оросын соён гэгээрүүлэх ажлын бодлого, арга зүй монголд нэвтэрсэн. Үүнээс өмнө ОХУ-аас мэргэжилтнүүд ирж манай урлагийнханд мэргэжлийн арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг байсан. Монголчууд нот мэддэг болсон нь сайн, муу хоёр талтай гэж үздэг. Ардын дууны тухайд дууг нотлочихоор ам дамжин уламжилж ирсэн ая дан мартагдахаас сэргийлнэ. Залуу хойч үе маань суралцах боломжтой. Мөн Дэлхий нийтийн хөгжмийн соёлын харилцаанд оролцоно гэсэн үг. Нөгөө талдаа нотоор дуулахаар баригдмал болчихдог. Ардын дуу эгшгийн бичвэрт ороод ирэхээр түүнийг дуулах арга барил, сэтгэлгээ хязгаарлагдаж, баригдмал болдог. Одоо ч “шалдан” ноотоор дуулаад байгаа болохоор ардын дуу дуулах арга барил гэдэг зүйл алдагдаад, яг л зохиолын дуу шиг л сонсогдоод байгаа даа.

Ардын арга барил, хийц, донж маяг нот болон фонограмм хоёрт баригдаж байна. Ардын дууг “амьд” хөгжимтэй, хөгжимчидтэйгөө холбоо харилцаа үүсгэж, дуучин өөрийн арга барил, манериа гаргаж, дуулбал төгс болно. Одоо ардын дууг ардын арга барилаар дуулдаг дуучин ховор болжээ.

Би алдарт “Бөмбөгөр ногоон” театраас улбаатай “Эртний сайхан” чуулгад монголын сор болсон уран бүтээлчтэй хамт ажиллаж байсан. Тэр үеийн агуу уран бүтээлчтэй хамт ажиллаж, ардын дууг хэрхэн дуулж байсныг сонсож, мэдэрч байсан хүний хувьд ардын дуунд уламжлалаа барихыг илүүд үздэг. Энэ цагт “Цэнхэрлэн харагдах уул”, “Арван тавны сар” гэх мэтийн цөөн хэдэн дууны дотор эргэлдэж байна. Ардын дуунууд дуулагдахгүй, хэрэглээнд орохгүй болохоор л мартагдаж байна гэсэн үг. Тэгэхээр дуучид маань эрэл хайгуул хийж сайхан сайхан ардын дуунуудаа гарган ирж дуулж олон нийтэд хүргэх,түгээх хэрэгтэй байна.

-Олон түмэн хүрээгүй мартагдаж байгаа ардын дууг манай уран бүтээлчид сэргээж дуулахгүйгээр, үзэгч сонсогчид хүрсэн дууг л дуулдаг?