Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны Жаргалантын ам хариуцсан байгаль хамгаалагч П.Мөнхтөрийг редакцын зочин буландаа урьж ярилцлаа.
-Байгаль хамгаалагчаар хэдэн жил ажиллаж байна. Энэ талаар яриагаа эхэлье?
-Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар 5 дахь жилдээ ажиллаж байна. Өмнө Нүхтийн аманд ажиллаж байсан. Өнгөрсөн жилээс эхэлж, Жаргалтын аманд ажиллаж эхэлсэн. Байгаль хамгаалагч байнгын явуулын эргүүл хийж, зэрлэг ан амьтан хаагуур байрлаж байгаад нь хяналт тавьдаг. Суурьшлын бүстэй ойрхон учраас барилга байшин их баригдаж байгаа учраас ямар нэгэн асуудал гарах эрсдэлтэй байдаг.
-Хавар, намрын улиралд хуурайшил ихтэй байдаг болохоор гал түймэр гарах эрсдэлтэй учраас байгаль хамгаалагч ажлын ачаалал нэмэгдэг байх?
-Хавар намрын хуурайшилтын үе хяналтаа улам сайжруулдаг. Урин дулааны улиралд иргэдийн зорчих хөдөлгөөн ч эрс нэмэгдэг. Иргэд ууланд их алхалт хийж, агаарлаж салхинд гарсан болсон. Зарим нь гал түлж мах шарж, хоол хийж идчихээд галаа бүрэн унтраахгүй явах тохиолдол цөөнгүй бий. Үүнээс бол гал түймэр гардаг. Зарим нь татсан тамхиа унтраахгүй хаяснаас болж гал гардаг.
Тиймээс ууланд алхалт хийж байгаа хүн бүрт санамж бичиг, гал түймэртэй холбоотой мэдээллийг өгдөг. Сүүлийн үед иргэд байгаль эх дэлхийгээ хайрлаж хамгаалах ухамсартай болж байгаа. Ерөнхийдөө хавар гуравдугаар сараас эхлээд хяналтыг сайжруулах байх тал дэрээ анхаардаг. Хуурайшилттай үед түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Зуны улиралд буюу хур бороотой үед түймэр гарах нь бага байдаг.
-Таны хариуцаж байгаа хэсэг зэрлэг амьтад хэр их байдаг?
-Жаргалантын аманд буга согоо, гөрөөс нэлээд элбэг байдаг. Энэ өвөл ууландаа нэлээд цастай байсан учраас зэрлэг амьтад уулнаасаа нэлээд доошоо буусан. Сүргээр бууж усанд ордог.
Иргэд, аж ахуйн нэгж байгууллага өвс хужир тавьж өгнө гээд ирдэг. Бид үүнийг дэмжээд хүний хөлөөс зайтай газарт тавьж өгдөг. Төлөвлөрсөн цэгт тавьж өгдөг байгаа.
-Зэрлэг амьтад суурьшлын бүс рүү орж, хашаа хашлаганд хавчуулагдаж, гэмтэж бэртэх тохиолдол цөөнгүй гардаг?
-Зэрлэг амьтад суурьшлын бүс рүү их орж ирдэг. Сүүлийн үед стандарт бус хашаанд зэрлэг ан амьтан хавчуулагдах асуудал цөөнгүй гарч байгаа. Өнгөрсөн 2025 онд хашааны стандарт батлагдсан байгаа. Аравдугаар сараас хойш манай захиргааны албанаас буулгах ажлыг нэлээд эрчимжүүлсэн.
Стандартыг мөрдүүлэх ажлыг эрчимжүүлж байгаа. Байгаль хамгаалагчид хариуцсан ам хэсэгтээ байрлаж ажилладаг учраас хяналтыг тогтмол тавиад явдаг.
-Таны хариуцаж байгаа энэ хэсэг зэрлэг амьтдын тоог нарийн гаргасан байдаг уу?
-Буга гөрөөс болон бусад зэрлэг амьтад нэг амандаа байнга байгаад байдаггүй. Энэ өвөл манай аманд 150-200 гаруй буга нэг хэсэг байж байгаад өөр ам руу авдаг. Одоо түргэний аманд харагдаж байсан гэсэн.
