Аутизмын эмгэгийн талаар “Оюурах төв”-ийн үүсгэн байгуулагч, эмч судлаач Ц. Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Аутизмын эмгэгийг тайлбарлахаас ярилцлагаа эхэлье. Энэ эмгэгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Аутизмыг олон жилийн турш зөвхөн нийгмийн харилцааны эмгэг гэж ойлгож ирсэн. Харин сүүлийн үеийн судалгаагаар биологийн суурьтай, ялангуяа мэдрэлийн эсийн үйл ажиллагаатай холбоотой эмгэг болох нь тогтоогдож байна.

Энэ нь 100 гаруй гентэй холбоотой бөгөөд мэдрэлийн эсийн асуудлууд мөн харилцан хамтын  ажиллагаа, дархлаа, зан үйлийн олон шатлалт өөрчлөлтөөр дамжин илэрдэг. Иймээс өнөөдөр аутизмыг “мэдрэлийн хөгжлийн эмгэг” гэж нэрлэх нь илүү оновчтой болсон.

2020 онд эрдэмтэн Catherine Lord аутизмыг нийгмийн харилцааны бэрхшээл, хэл ярианы алдагдал, хязгаарлагдмал сонирхол, давтагдмал үйлдлээр илэрдэг мэдрэлийн хөгжлийн онцлог хэмээн тодорхойлсон байдаг.

-Аутизмыг эрт илрүүлэх боломжтой юу?

-Эрт илрүүлэх боломжтой. Орчин үеийн судалгаагаар эхийн хэвлийд байх үед ч илрүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь аутизм нь ихэвчлэн шинэ мутацитай холбоотой. Гэхдээ Монголд одоогоор генийн түвшинд оношлох боломж хангалтгүй байна. Ирээдүйд энэ чиглэл хөгжих хүлээлттэй байгаа.

Монголд албан ёсоор оношилгоо хийдэг гол байгууллага нь СЭМҮТ бөгөөд ачаалал их, хүлээлгийн хугацаа урт (заримдаа 3 сар) байдаг нь тулгамдсан асуудал юм.

-Манай улсад илэрч буй аутизмын нийтлэг шинж тэмдгүүд юу вэ?

Нийгмийн харилцааны бэрхшээл

Нүд рүү харах нь бага эсвэл зайлсхийх

Нэрийг нь дуудахад хариулахгүй байх

Бусадтай тоглох, харилцах сонирхол бага

Сэтгэл хөдлөлөө хуваалцахгүй (жишээ: баярлах, инээх, заахгүй)