“Сүрьеэгээр өвчилсөн иргэдийн бодлого боловсруулагчдад дайх үг” сэдэвт уулзалт өнөөдөр боллоо.

Сүрьеэ эдгэрдэг өвчин. Өвчнийг эмчлэх, халдварыг олон хүнд тараалгахгүйн тулд харин тун нарийн төлөвлөгөө хэрэгтэй болохыг “Сүрьеэгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох” төслийг хэрэгжүүлэгчид онцолж байна.

А.Нямдорж: Сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн өмнө тулгамддаг асуудал нь нийгмийн дэмжлэг

Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгийн Тэргүүн, ОНУХ төслийн зохицуулагч А.Нямдорж “2025 онд 2823 хүн шинээр сүрьеэтэй нь оношлогдсон. Хүн амын олонх нь Улаанбаатарт амьдарч байгаа учраас нийслэлд тархалт өндөртэй ч 21 аймгийн хэмжээнд сүрьеэ өвчин оношлогдсоор байна. ДЭМБ-ын тооцооллоор Монгол Улс сүрьеэ болон олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэг хэвээр байсаар байгаа юм. Сүрьеэгийн тархалтыг тогтоох үндэсний судалгаагаар жил бүр Монгол Улсад 17 мянга орчим хүн шинээр сүрьеэгээр өвчлөх магадлалтай гэсэн тооцоолол гарсан ч 2024 онд 3002 хүнийг л илрүүлсэн байдаг. ДЭМБ 2030 он гэхэд сүрьеэг тэглэх зорилт тавьсан. Монгол Улс ч гэсэн тэглэхийг зорьж ажиллах ёстой. Ингэхийн тулд зөвхөн эрүүл мэндийн салбар л хичээх ёстой биш юм. Уялдаа холбоотойгоор бусад яам, цаашлаад Засгийн газрын хүчтэй оролцоо, нөлөөгөөр энэ ажил урагшлах ёстой болоод байна. Манай хүрээлэн 2024 оны сүүлээс олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо (ОНУХ)-г бий болгох бодлогын төслийг эхлүүлсэн. Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий, Дархан зэрэг сүрьеэгийн тархалт өндөртэй аймагт хэрэгжүүлж байна. Өвчилсөн, даван туулсан хүмүүсийн санал, үзэл бодол, мэдээллийг цуглуулж, судалгаа хийхэд тусламж үйлчилгээг яг хаана сайжруулах хэрэгтэй байгаа нь тодорхой гарч ирдэг. Бид судалгаагаа ХӨСҮТ, Эрүүл мэндийн яаманд өгдөг” гэлээ.

Сүрьеэгийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн байгууллагууд үзүүлж байгаа ч зарим эмч нарын мэдлэг мэдээлэл хангалтгүй байгаагаас өвчтөн ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа нь дээрх судалгаагаар нотлогджээ.

Сүрьеэгээр оношлогдоод эмчлэгдсэн хэдий ч бөөрөө эмчлүүлэх гээд өөр эмнэлэгт очиход эмчлэхээс татгалзсан, “Та сүрьеэтэй юм чинь хамгийн сүүлд орж ир”, “Таныг үзэхгүй” гэхчилэн буцаасан, сүрьеэг зүрхний өвчин гэж оношилж зүрхний эмчилгээ хийснээс болоод цаг алдсан, миний зүрх асуудалтай болсон гэх зэрэг иргэдийн гомдол ч мөн их иржээ.

2026 оны гуравдугаар сарын 6-ны байдлаар 3541 дата мэдээллийг цуглуулж дүн шинжилгээ хийсэн байна.

Сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн өмнө тулгамддаг хамгийн чухал асуудал нь нийгмийн дэмжлэг гэдгийг судлаачид тодотгож байна.

Судалгаанаас харахад, сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн олонх нь эрчүүд байдаг аж. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэхэд орлогогүй болж, гэр бүлээ тэжээх чадамжгүй болох тохиолдол цөөнгүй гэнэ. Яг энэ үед таслахгүй уух ёстой эмийн эмчилгээгээ орхиж, хоногийн хоолоо залгуулахаар яваад өгдөг нь эмэнд тэсвэртэй сүрьеэ гаарахад нөлөөлдөг байна. Сүрьеэг эмчлүүлээгүй нэг өвчтөн жилд 10-15 хүнийг өвчлүүлдэг гэсэн судалгаа бий юм.

Сүрьеэгээр оношлогдсон хүмүүсийн 74 хувь нь амьжиргааны түвшин доогуур гэсэн судалгаа мөн байна.

"Дөрвөн хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй сүрьеэгээр оношлогдож, хүүхдүүд нь бас сүрьеэгийн эм уух болжээ. Ээж нь өвдсөнөөс ажил хийх аргагүй болж, энэ өрх хүүхдийн 100 мянга, гурав хүртэлх насны хүүхэдтэй ээжид сар бүр олгодог “Цалинтай ээж”-ийн 50 мянга, сард нийт 450 мянган төгрөгийн орлоготой болсон байна. Түрээсийн байрандаа сард нэг сая төгрөг төлдөг байсан бол чадахаа больж, ажил хийж амьдралаа залгуулдаг ээж нь өвдсөнөөс энэ өрх хүнд байдалд ороод байна. Хүүхдүүдийн аав байдаг ч архины хамааралтай учир гэртээ ирдэггүй бөгөөд халамж авах нөхцөл хуулийн дагуу бүрдээгүй. Ийм иргэдэд төрөөс үзүүлдэг 70 гаруй төрлийн халамжийн аль нь ч үйлчилдэггүй" бодит жишээг дурдаж байлаа. Энэ нь сүрьеэ туссан хүнд нэн тэргүүнд эмчилгээ чухал ч нийгмийн дэмжлэг түүнээс дутахгүй хэрэгтэйг харуулж байгаа юм.

Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгээр өвчилсөн иргэдэд төрөөс анхаарал тавьж, нийгмийн халамжийн тусгай бодлого хэрэгжүүлэх зүй ёсны шаардлага тулгарч буйг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэхийг зорьж буй юм байна.

П.Насанжаргал: Сүрьеэгийн халдвар авсан хүн болгон сүрьеэгээр өвчлөхгүй

Хэн ч сүрьеэгээр өвдөж болно. Харин өвдсөн бол эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Их эмч П.Насанжаргал зөвлөж байна.