Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн Техник, Эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойг тэмдэглэлээ.
1964 оны 9-р сарын 15-нд байгуулагдсан ITEC хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэхэд чиглэсэн Энэтхэгийн засгийн газрын тэргүүлэх санаачилга юм. Тус хөтөлбөр нь "Vasudhaiva Kutubakam" буюу “Дэлхий бол Нэг гэр бүл” хэмээх философи дээр тулгуурласан бөгөөд энэ нь Энэтхэгийн мэдлэг, туршлагаа хуваалцдаг эртний уламжлал ажээ.
2025 оны 9-р сарын 17-ны өдөр Монгол Улсын Улаанбаатар хот дахь Энэтхэгийн Элчин сайдын яам Энэтхэгийн Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Энэтхэг болон түүний Стратегийн түнш болох Монгол Улс хоорондын тогтвортой түншлэлийн хүрээнд энэхүү арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд ITEC хөтөлбөрт хамрагдаж төгссөн Монголын өндөр дээд албан тушаалтан, төрийн албан хаагчид, олон салбарын мэргэжилтнүүд гээд нийт 250 гаруй хүн оролцлоо. Арга хэмжээний нээлтэд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве үг хэллээ. Тэрээр дэлхий даяны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ITEC-ийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Элчин сайд Атул Малхари Готсурве: Бид Энэтхэг, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж, мөн Энэтхэг, Монголын хооронд стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойг мөн тэмдэглэж байна. Өнөөдөр ч мөн онцгой өдөр билээ. Учир нь ITEC өдөр тохиож байна. ITEC гэдэг нь Энэтхэгийн Техникийн болон Эдийн засгийн Хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг Энэтхэгийн Засгийн газраас бүрэн санхүүжүүлдэг тэтгэлэгт хөтөлбөр бөгөөд сургалтын төлбөр, онгоцны билет, байр, хоол хүнс, өдөр тутмын тэтгэмж гээд бүх зардлыг Энэтхэг улс хариуцдаг. Жил бүр ойролцоогоор 200 орчим Монгол оюутан, иргэдийг бид Энэтхэгт тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж байна. Өнгөрсөн жил гэхэд 195 монгол оюутан уг тэтгэлэгт хамрагдсан. Хөтөлбөрийн хүрээнд Энэтхэгийн шилдэг 100 боловсролын институтын 300 орчим курст урт, богино хугацаагаар сургах боломжийг олгодог. Тухайлбал, нягтлан бодох бүртгэл, санхүү, Ай Ти, Кибер аюулгүй байдал, компьютерын ухаан, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал гээд бүх л мэргэжлийн сургалт багтдаг, маш сайн хөтөлбөр. 2014 оноос хойш Монгол Улсыг оролцуулаад нийт 165 түнш орон энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна. 1964 онд эхэлсэн энэ хөтөлбөрт нийт 100 мянган хүн хамрагдсан судалгаа бий. Сүүлийн 30 жилийн хугацаанд ойролцоогоор 3,500 монголчууд тус хөтөлбөрөөр суралцаад байна. Цаашдаа ч энэ хөтөлбөрт суралцсан бүх хүмүүс Энэтхэг–Монголын найрамдлын төлөөлөгч болж ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Энэтхэгт ITEC тэтгэлгээр суралцсан олон хүн өнөөдөр Монголын төр засгийн өндөр албан тушаалд ажиллаж байна. Жишээлбэл, өнөөдрийн хүндэт зочин Дамдинням сайд Энэтхэгт ITEC хөтөлбөрөөр Англи хэлний чиглэлээр суралцаж байсан. Ерөнхийдөө энэ хөтөлбөр нь төрийн албан хаагчид, засгийн газрын ажилтнуудад зориулагдсан байдаг. 45-аас доош насны нэр дэвшигч, хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ирүүлж, Элчин сайдын яам хүсэлтийг боловсруулдаг. Ойрын хугацаанд гэхэд ITEC-ийн хүрээнд Монголын Үндэсний Шүүх Шинжилгээний Институтээс 30 орчим судлаачийг, мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 30 хүн Энэтхэг рүү сургалтаар илгээсэн. Түүнчлэн Дорноговь аймагт хэрэгжиж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн хүрээнд тус үйлдвэрийн 30 инженерийг Энэтхэгт өндөр түвшний сургалтад хамруулсан. Тэдгээр нь тусгай мэргэжлийн сургалтууд байсан. Үүнээс гадна Англи хэл, компьютерийн ухаан, алсын зайн тандалт, сансар судлал зэрэг чиглэлээр олон Монгол судлаач Энэтхэгт суралцаж байгаа юм.
ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн 61 жилийн ойд зориулсан арга хэмжээний гол зочноор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням, НИТХ-ын Дарга А.Баяр, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад сууж байсан Элчин сайд О.Нямдаваа, Монголын Энэтхэгт Төгсөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Х.Чинбат нар оролцлоо. ITEC хөтөлбөр нь мэдээллийн технологи, санхүү, засаглал, батлан хамгаалах зэрэг олон салбарт бүрэн тэтгэлэгтэй эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалтыг санал болгодог. Мөн бүхий л салбарын мэргэжилтнүүдэд ур чадвараа дээшлүүлэх, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг олгодог байна. Иймээс тус хөтөлбөр нь хувь хүний хөгжил болоод боловсролдоо анхаардаг залуучуудад үзүүлж буй маш том хөрөнгө оруулалт гэдгийг Монгол Улсын Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Сайд Г.Дамдинням онцлон хэллээ.
Сайд Г.Дамдинням: Миний хувьд одоогоос 20 жилийн өмнө БНЭУ-ын ард иргэдийн туслалцааг хүртэж ITEC хөтөлбөрт хамрагдаж байсан. Энэтхэгийн техникийн туслалцааны ITEC хөтөлбөр нь дэлхийн бүх улс орны залуучуудыг техникийн мэдлэгтэй болгож сургадаг төдийгүй төрөл бүрийн чадварыг эзэмшүүлэх урт богино хугацааны сургалттай. Миний хувьд 20 жилийн өмнө БНЭУ-ын Хайдарабад гэж хотод суралцаж байсан. Одоо бол Телангана муж болсон. Манай улсад ITEC хөтөлбөр хэрэгжээд 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд 3500 гаруй монгол залуус Энэтхэг улсад суралцаад иржээ. Үүний дотор батлан хамгаалах салбараас эхлээд тенхик технологи, эрүүл мэнд, боловсрол гээд нийгмийн бүхий л салбарууд багтсан байна. ITEC хөтөлбөрийн хүрээнд БНЭУ-ын дээд зэрэглэлийн их дээд сургуулиудын бүх чиглэлийн сургалтуудад урт богино хугацаанд хамрагдах боломжтой байдаг. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд Энэтхэгийн элчин сайдын надад хэлснээр 200 орчим монгол залуучууд энэ хөтөлбөрийн хүрээнд явж сурсан байна. Энэ бол монгол залуучуудад болон монголын ирээдүйд оруулж байгаа том хэмжээний хөрөнгө оруулалт гэж би ойлгодог. Жишээ нь миний анх удаа гадаадад сурах боломжийг ITEC хөтөлбөр нээж өгсөн. Миний амьдралыг өөрчлөхөд маш том хувь нэмэр оруулсан. Энэтхэг улс бол олон мянган жилийн түүхтэй маш олон хүн зэрэгцэн амьдардаг төдийгүй бүхий л төрлийн шашин зэрэгцэн оршдог. Дэлхийн хамгийн том ардчилал тэнд байдаг. Тэр олон хүн хамтаараа хэрхэн найрсгаар оршиж болдог вэ гэдгийг харж болох газар юм. Хоёрдугаарт
