Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга, УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн дунд охин Бурмаатай ярилцлаа. Бөх сонирхогчид түүнийг аавыгаа дуурайж бөхийн спортоор хичээллэх болов уу гэж “горьдож” байсан. Гэвч тэрбээр тэс өөр буюу бодибилдингийн спортоор хичээллэж эхэлжээ.

-Таныг бодибилдингийн спортоор хичээллээд гурван жилийн нүүр үзэж байгааг мэдлээ. Яагаад энэ спортыг сонгосон юм бэ?

-Тийм ээ, 2016 оноос эхэлж хичээллэсэн. Миний  багш бодибилдинг, фитнессийн  дэлхийн 4 удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг гэж гайхалтай бүсгүй бий. Багш маань сошиалд их идэвхтэй. Би түүний шавь болохоос өмнө фэйсбүүкээр дагаж, хүндэлдэг байлаа. Тухайн үед “Энэ хүнтэй нэг удаа ч гэсэн уулзаж үзэх юмсан” гэж боддог байв. Гэтэл “Хэвлийгээрээ инээмсэглэе” нэртэй шинэ анги нь нээгдэж, би очиж уулзсанаар өнөөдрийг хүрч байна даа.

-Анх ямар тэмцээнд оролцож байсан бэ?

-2016 оны хавар клубуудын нэрэмжит тэмцээнд оролцсоноос хойш идэвхтэй болсон. Мөн 2017 онд УАШТ-ээс шагналт 5-р байр, 2018 оны УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Өнгөрсөн намар зохион байгуулагдсан IFBB Pro Qualifier  тэмцээнээс өөрийн ангилалдаа алтан медаль хүртсэн. Миний хичээллэдэг спортын төрөл олон ангилалтай. Би дээрх тэмцээнүүдэд атлетик ангилалд орсон. Миний зорилго энэ спортоор насан туршдаа хичээллэж, эрүүл амьдралын хэв маягийг бусдад үлгэрлэхийг хүсдэг. Өдгөө хөнгөн атлетикаар мастер ангиллын дэлхийн аварга болоод байгаа МУГТ Т.Цэрэндолгор гуай, Ц.Раднаа гуай, хүндийн өргөлтийн гавьяат тамирчин Баярмаа эгчийн аав Д.Намхайдорж гуай шиг байхыг хүсдэг.

-Ойрын хугацаанд оролцох тэмцээний төлөвлөгөө бий юу?

-Одоогоор ямар нэгэн тэмцээний төлөвлөгөө алга. Өнгөрсөн жил өвдгөндөө хагалгаа хийлгэсэн болохоор бэлтгэлээ ч сайн хийж чадаагүй байгаа. Гэхдээ энэ жилийн УАШТ-д орно.

-Үндсэн яриандаа ороход таныг бөх сонирхогчид “Энэ сайхан аваргын охин жүдо, эсвэл чөлөөт бөхийн төрлөөр хичээллэвэл олимпын аварга болох байсан байх даа” гэдэг. Бөхийн төрлөөр хичээллэх хүсэл байгаагүй юм уу?

-Намайг гаднаас харахад шууд л аав гэж харахаар байгаа биз дээ. Гэхдээ миний дотоод ертөнц ээжтэйгээ адилхан. Харин дүүгийн маань зан араншин аавынхтай төстэй шүү. Миний хувьд багаасаа л бөхийн спортоор хичээллэх бодол төрж байгаагүй. Тэгээд ч намайг бага байхад эмэгтэй бөх ховор байсан шиг санагдаж байна. Тиймээс би бөхийн спортын хүн болно гэж төсөөлж байгаагүй. Харин энэ амьдралыг сонгосон хүмүүсийг үнэхээр их хүндэлдэг мөн бахархдаг.

-Танай гэрт бөхчүүд цуглаж бөхийн тухай яриа өрнүүлэх нь ойлгомжтой. Харин та тэдгээрийн түүх мэт яриаг дэргэд нь суугаад сонсдог байв уу?

-Аав маань Улсын баяр наадамд 12, Цагаан сарын барилдаанд 13 удаа түрүүлсэн сайхан амжилттай бөх. Би ухаан орсон цагаасаа л аавынхаа жил бүр бэлтгэл хийдэг “Сүүж уул”-ын амралтад очдог байсан. Бараг тэнд өссөн гэж хэлэхэд болно. Одоо ч гэсэн би тэнд очихоороо гэртээ очсон мэт мэдрэмж авдаг. Тэр амралтыг хуучнаар НАХЯ байгуулсан гэдэг. Аав маань “Хүч” спорт хорооны тамирчин болсон цагаасаа тэнд бэлтгэлээ хийдэг болсон. Залуу бөх байхдаа жижиг байшинд нь байрладаг байсан бол улсын цол хүртэж, гэр бүлтэй болохдоо Гэр бүлийн байшинд нь биднийг байрлуулж өөрөө Монгол Улсын заан Д.Мягмар ахтай нэг өрөөнд байнга ордог байсан. Дараа нь аварга цолтой болсон чинь бид өвлийн байшин руу нь шилжсэн. Нэг үгээр хэлэхэд, аавыг дагаад бидний зиндаа дээшилж байна гэсэн үг л дээ (инээв.сурв). Зургаадугаар сард хичээл амрангуут тэнд амарчихаад наадмын өмнөх өдөр л хот руу ордог байлаа. Тэр үед бөхчүүдийн үеийнхээ хүүхдүүдтэй тоглож, сонин хууч яриаг нь сонсоно. Гэхдээ хүүхэд байсан болохоороо яг үнэндээ тэгж их сонирхдоггүй байсан. Тухайн үед сүмогийн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Монгол Улсын гарди Н.Ганбаатар, сүүлийн үе гэвэл жүдо бөхөөр одоо сайн барилдаж байгаа улсын начин Л.Өлзийбаяр ахын хүү Дүүрэнбаяр нартай хамтдаа наадмын галд гардаг байв. Гэтэл одоо үед бөхчүүд гэр бүлээрээ бэлтгэлд гарч, хүүхдүүд нь хамтдаа цагийг өнгөрүүлэхээ байжээ. Аймаг болгон бөхийн галтай болсон болохоор арга ч үгүй байх л даа. Нэмж хэлэхэд Сүүж хайрханы байгаль их гоё. Өглөө эрт хөхөө шувуу донгоддог нь одоо ч сэтгэлд тод үлдэж. Бороо орсны дараах үнэр нь ямар сайхан гээч. Тухайн үед бөхчүүд оройн тоондоо орохдоо “Дэлгэр Монгол орон” дууг дуулж, тараг уудаг заншилтай. Мөн биллиард тоглож, зарим үед бүжгийн цэнгүүн болдог байсан. Зодог, шуудгаа угаачnхаад байшингийнхаа ард хатаах гээд өлгөсөн байхад хөлснийх нь үнэр нэг л дотно шүү. Одоо ч би аавынхаа малгайг үнэрлэх дуртай. Сүүлийн жилүүдэд барилдахгүй байгаа болохоор тэр үнэр нь гарчихдаг юм байна. Бага багаар арилаад л байгаа.

-Бөхчүүдийн хүүхдүүдтэй ноцолдож, барилдаж байв уу?

-Үгүй ээ. Харин гэр бүлээрээ хөдөө амралт, зугаалгад явж байхдаа аав намайг хамаатны хүүхдүүдтэй барилдуулах дуртай байсан. Харин би тийм ч идэвхтэй барилддаггүй байв.

-Тэгвэл ээжийгээ дагаад гар бөмбөг тогловол тохирох байж дээ ...