Сүүлийн үед “37-р точка”, “Бүтэн амьдрал” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээгээд буй жүжигчин Эрдэнэбилэгийн Пүрэвжаргалтай ярилцлаа. Түүнийг “Өөрт оногдсон дүрээ маш чадамгай бүтээж байна” гэж мэргэжилтнүүд үнэлээд байгаа юм. Иймд түүний уран бүтээл болон хувийн амьдралын талаар цухас ярилцлаа.
-Юуны өмнө танд сар шинийн мэнд хүргэе. Хүн болгон шахуу л "Гэртээ хэвтсээр байгаад уйдаж гүйцлээ" гэнэ. Таны хувьд энэ жилийн цагаан сарыг хэрхэн өнгөрүүлж байна даа ...
-Танд болон танай сайтын хамт олонд сар шинийн мэндийг дэвшүүлэе. Төрөөс гаргасан захирамж, шийдвэрийг дагаад гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэж байна даа.
-Сүүлийн үед таны тоглосон кино нэлээн гарч байна. Үзэгчид ч тантай илүү танилцахыг хүсч байх шиг ээ. Тэгэхээр жүжигчин мэргэжлийг сонгосон түүхээсээ сонирхуулна уу?
-Багаасаа л урлаг соёлын хүн болохыг хүсдэг байсан минь ийм сонголт хийхэд нөлөөлсөн байх. Мөн олон төрлийн дүрд хувирах сайхан санагддаг юм. “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийнхаа удирдлага дор 2014 онд төгссөн. Тэр цагаас хойш 10 гаруй уран сайхны киноны гол болон туслах дүрд ажилласан.
-Анх ямар нэртэй бүтээлийн хэний дүрд тоглосон бэ?
-“Эгэлийн гайхамшиг” нэртэй арилжааны бус киноны Гэгээнээ гэдэг гол дүрийн эмэгтэйн дүрд тоглосон. Хөдөлмөрч, авьяастай, сайхан сэтгэлтэй бүсгүйн дүр. Уг кино маань Мандах, Гантулга нарын хамтын бүтээл. Миний бүтээсэн дүрүүдээс хамгийн эерэг, гоё нь.
-Одоо ид гарч байгаа "37-р точка" кинонд тоглох саналыг хэн анх тавьсан бэ. Хэрхэн хүлээж авав?
-Дүрүүдэд сонгон шалгаруулалт хийж байна гэхэд нь би өөрөө очиж уулзсан юм. Тэд ч “Эргээд холбогдоно оо” гээд салцгаасан. Ингээд 2018 оны аравдугаар сард жүжигчин Б.Барслхагва ах утсаар холбогдож намайг сонгох болсноо хэлсэн.
-Дараа нь "Бүтэн амьдрал" кинонд тоглосон байсан. Дүрийн хувьд төстэй ч юм шиг. Нууц амрагийн дүр бүтээхэд хэр хүндрэлтэй санагдсан бэ?
-Дүрдээ ажиллаж байх явцдаа Цэнгэлмаа хэмээх өөрт оногдсон дүрээ маш их өмөөрч байлаа. Одоо ч гэсэн киногоо үзэх хүнд байдаг. Гэхдээ “37-р точка” энэ кино хоёрын зураг авалт хоёр жилийн зайтай хийгдсэн. Харин гаралт нь л ингэж ойрхон таараад байгаа юм.
-Үзэгчдээс танд сөрөг мессеж ирж байна уу. Мөн энэ хоёр бүтээлд тоглосны дараа гэр бүлийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Маш их ирж байна. Гэхдээ ихэвчлэн тоглоом, шоглоомоор бичсэн байсан. Тиймээс би тэдгээр мессежийг муугаар хүлээж авахгүй байгаа. Дүр маань үзэгчдэд хүрч байгаа юм байна л гэж бодож байна. Би ер нь их эерэг сэтгэлгээтэй хүн л дээ. Тэгээд ч манай гэр бүлийнхэн миний мэргэжлийг хүндэлдэг. Тиймээс намайг ямар ч дүрд тоглосон эсэргүүцэх тохиолдол гаргадаггүй. Харин ч арын ажлыг минь хариуцаж, дэмждэг.
-Өнөөгийн нийгэмд залуу гэр бүлд нууц амрагийн явдал олон байдаг гэж та боддог уу?
