Манай сайтын сурвалжлах хэсэг энэ удаагийн “Гэрт нь” буландаа малчин айлыг онцлов. Эх орны минь дөрвөн зүг, найман зовхист төлийн дуу цангинаж, таван хошуу мал хээр талд цацсан шагай шиг алаглаж байгаа цаг билээ.

Иймд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, аймгийн аварга малчин, “Алтан тугал”-ны эзэн, “Хайрхан” багийн малчин Г.Бундагынхыг зорив. Өмнөх өдөр нь очих тухайгаа утсаар мэдэгдсэн байсан тул өглөө гарах үед тэрбээр бидэнтэй утсаар дахин холбогдож “Гэр бүлийнхээ хүнтэй сумын төвд болж байгаа “Малчдын зөвлөгөөн”-д оролцож байгаа шүү. Та нар эхлээд энд хүрээд ирээрэй” гэсэн юм.

Ийнхүү төд удалгүй уг суманд очив.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсантай дээхнэ ярилцаж байхад “Миний төрсөн нутаг 10 дуу аялаад очиход л хүрдэг ойрхон газар даа” гэж байсан нь санаанд бууж байлаа.

Ийнхүү бид хэлснийх нь дагуу очиход тус сумын малчид Соёлын төв өргөөндөө цуглан удирдлагуудтайгаа уулзалдаж, малчдад тохиолддог бэрхшээл, төлний үеэр хийхэд тохиромжтой ажлын талаар залуучууд ахмад малчдаасаа зааварчилга авах зэрэг санал солилцож байв. Сурвалжлагын гол эзнээс ч зарим залуу малчин зөвлөгөө авах нь их байсан юм.

Цаг орой болохоос өмнө бид ажлаа амжуулах шаардлагатай байсан тул Г.Бундага гуайг эхнэрийнх нь хамт зөвлөгөөнөөс “оргууллахаас” өөр арга байсангүй.

Гэрийнх нь үүдэнд очиж, машинаас буух үед үзэм шиг бор ишигнүүд хашааныхаа завсараар гарч харайлдах нь өхөөрдмөөр. Заримд нь ганган нэмнээ урласан нь зохисон гэж ванлий.  Дөнгөж хөл тэнцээд буй хурга ч байсан юм.

Г.Бундага гуайн аав ээж ясны малчин улс хэдий ч хүү нь 1990 оноос л мал маллаж эхэлсэн гэв. Малчин болохоосоо өмнө нь сумынхаа саалийн зам нэгдэлд тракторчиноор ажиллаж байсан бол эхнэр Д.Ренцэнханд нь малын эмч мэргэжилтэй гэв. Өмч хувьчлал эхлэхэд тэд 100 орчим эм хонь, зургаан адуу, мөн тооны үхэр заалгаж авчээ. Тэгвэл хөдөлмөрлөсөн хүнийг амьдрал шагнадаг хойно 1999 онд сумын аварга, мянгат малчны болзол зэрэг биелүүлсэн бол 2015 онд аймгийн аварга малчин, ХХААЯ, МҮОНР-гоос тэртээ 1961 оноос хойш олгож буй “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит шагнал болох “Алтан тугал”-ны эзэн болсон байна. Тэд “Алтан тугал”-ны эзэн болохдоо 90 гаруй тугал бойжуулжээ. Харин 2018 онд улсын аварга малчин болсон гэв.

"Алтан тугал"-ны батламжаа МҮОНР-ийн "Нийгэм, хөдөө аж ахуйн редакц"-ийн даргаар ажиллаж байсан Монгол Улсын төрийн соёрхолт, "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Ц.Бавуудоржоос гардаж байжээ.

Мөн сумынхаа цэцэрлэг, сургууль, эмнэлэгт жилд 1990 оноос хойш жил бүр 1000-1500 литр сүү, тараг, аарц, мах хандивладаг аж. Өнгөрсөн жил л гэхэд 1000 орчим сүү, тараг, тонн гаруй малын мах олгосон гэлээ. Харин улсын баяр наадмыг тохиолдуулж сумынхаа наадамд жил бүр нэмэр болгох үүднээс айраг, тавгын идээ, ууцны хонь бэлэглэдэг гэнэ.

Үүнийгээ гэрийн эзэн “Малынхаа буян хишгээр өнөөдөр ингэж сайхан амьдарч байгаа юм чинь олонтойгоо хүртэнэ ээ” хэмээн хэлэх нь үл таних бид хүртэл бахархмаар санагдаж байлаа. Гэхдээ өвлийн улиралд хандивлах нь зүгээр юм билээ. Сургуулийн хүүхдүүд хичээлтэй байдаг цаг болохоор тохиромжтой цаг нь тэр. Тэгээд ч хүйтий улиралд аарц цагааг хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд нь тустай гэж эхнэр нь хэлж байсан юм.

Түүнчлэн Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбатыг улсын аварга цол хүртэхэд сумынх нь удирдлагууд бүх мянгат малчиддаа  “Тус бүр нэг адуу бэлэглэ” гэсний дагуу сүргийн манлай адуунаасаа нэгийг хөтөлж очсон. Тэгэхэд нэлээн өтгөн нэг азарга адууны дайтай “юм” цугласан байсан шүү хэмээн яриан дундаа хавчуулаад авна билээ.

Харин өдгөө хонь, ямаа нийлсэн 1000 гаруй бог, 100 гаруй адуу, 60 гаруй үхэр маллаж байгаа гэсэн. Энэ жилийн хувьд хонь, ямаа нийлсэн 500 орчим бог төллөнө гэв.

Тэдний дунд хүү аав, ээжийнхээ удмыг залгахаар мал маллаж байгаа гэнэ билээ. Гарч орж байгаа нь нэлээн хөдөлгөөнтэй байрын залуу болох нь ажиглагдаж байсан юм. Гэрээс гараад явсан хойгуур нь Г.Бундага гуай “Энэ хүү маань морь уядаг юм. Би ч залуудаа хүлгийн сүүл боож байсан” хэмээн хүүгээрээ бахархангуй дуулгасан бол том хүү нь Монголын төмөр замд, хамгийн бага болох охин нь МҮОНР-д сэтгүүлчээр ажилладаг гэв. Том хүүгээ Тайланд Улсад мэргэжлийнх нь дагуу сургаж, мастер хамгаалуулсан бол охиноо магистрд сургасан. Хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж байгаагийнх чадлаараа л ахиулуулахыг хичээж байна даа гэлээ.